Tuesday, September 2, 2014
Маргааш автомашин болон явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлана
Tuesday, September 2, 2014 by Unknown

Маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийх гэж байна. Харин энэ үеэр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Төрийн ордон, Чингисийн талбай орчмын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх ажлыг иргэд, олон нийтэд аль болох ачаалал, хүндрэл үүсгэхгүй байх талаас нь зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой багагүй зохицуулалт хийнэ гэсэн. Энэ талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу?
-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Халх голын байлдааны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад хагас өдрийн айлчлал хийж байгаа. Хамгаалалтын үйл ажиллагаа эхний тооцоолсон байдлаар 11.00-20.00 цагийн хооронд зохион байгуулагдах ч өглөө 09.00 цаг гэхэд бэлтгэл ажлыг хангасан байна. Урьчилсан мэдээллээр ОХУ-ын Ерөнхийлөгч Буянт-Ухаа нисэх буудалд газардаад Төрийн ордон руу явах маршруттай байгаа. Тэгэхээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр явна гэсэн үг.ОХУ-ын Ерөнхийлөгч маань Халх голын ойн хүрээнд ирж байгаа учир ОХУ-ын тэргүүн Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно гэж төлөвлөгдсөн. Тэгэхээр 15.00 цагаас эхлээд Төрийн ордоноос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Жуковын ойр орчмын замын хөдөлгөөний хаах маршруттай байна. Харин 16.00 цагаас буцаад ирсэн замаараа буюу Баянзүрх, Сүхбаатар дүүргийн төв замаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр дайрч Чингис хаан нисэх онгоцны буудал руу явах төлөвлөгөөтэй байгаа.
-Иргэдэд анхааруулж хэлэх зүйл байна уу?
-Энэ үеэр иргэд цагдаагийн алба хаагчийн тавьж байгаа шаардлагыг хүлээж авч, хүндэтгэлтэй хандахыг хүсье. Мөн маргааш жолооч нар энэ чиглэлд явахгүй бусад замын сонгож хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Учир нь маргааш 09.00-12.00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн Нисэх орчмын замыг тодорхой хугацаагаар хамгаалалтанд авна. Замын хөдөлгөөнийг хаах юм.
-Өндөр зэрэглэлийн хамгаалалтын үед явган зорчигчдын хөдөлгөөнийг бас зогсоодог. Энэ удаа бас тэгэх үү?
- Явган зорчигдын хөдөлгөөнийг ч зогсооно. Иргэд маань хүлээцтэй хандаж, цагдаагийн алба хаагчдын тавьж байгаа шаардлагыг биелүүлэх чухал байна. Хотын төв рүү явах онцын шаардлагагүй үед бусад замуудыг сонгож хөдөлгөөнд оролцоорой. Төрийн ордонд болох үйл ажиллагаа урьдчилсан байдлаар 15.00 цагаас Жуковын музей рүү хөдөлнө гэж байгаа ч үүнд бас өөрчлөлт орж болзошгүй. Тиймээс иргэд ерөнхийдөө өглөө 11.00 цагаас орой 18.00 цаг хүртэл хотын төв гурван дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа замуудаар аль болох явахгүй, хүлээцтэй хандах хэрэгтэй. Түүнчлэн зам дагуу баригдаж байгаа барилгын үйл ажиллагааг түр зогсоож байгаа. Тиймээс барилгын компаниуд цагдаагийн шаардлагыг биелүүлж, ойлгох хэрэгтэй.
-Цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах уу?
-Цагдаагийн байгууллагын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 2000 гаруй алба хаагч оролцоно. Хэв журмын хамгаалалттай холбоотойгоор ард үүрэг гүйцэтгэх алба хаагчид үндсэн хэвийн үйл ажиллагаатай явагдана. Жижүүрийн шуурхай алба, хөдөлгөөнт эргүүл иргэдэд үйлчлэх юм.
-ОХУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг нь хэрхэн хамгаалж ажиллах вэ?
-БНХАУ-ын төрийн тэргүүний айлчлалаар тухайн улс орны аюулгүй байдлын ажилчид хамтарч ажилласан. Монгол Улсаас ч ТЕГ, ОБЕГ, Хуульзүйн яам, ЦЕГ, ЭМЯ гээд газрууд анхаарч ажиллаж байсан. Яг энэ байдлаар ОХУ-ын Ерөнхийлөгч өөрдсдийн хамгаалалтын албатайгаа ирнэ. Манай талаас ч дээрх байдлаар хамгаалалт хийхээр бэлтгэл хангагдсан.
Tags:
Subscribe to:
Post Comments (Atom)

0 Responses to “Маргааш автомашин болон явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлана”
Post a Comment